Ургийн скриннинг шинжилгээ
Төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромсомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсэний тодорхой хугацаанд хийдэг хэд хэдэн төрлийн шинжилгээг ургийн скрининг шинжилгээ гэнэ.Эдгээрийн нэг төрөл болох цусны биохимийн скрининг шинжилгээг хоёрол, гурвал тест буюу сорилоор хийдэг.
Энэхүү шинжилгээ нь эхийн хэвлийд бойжиж буй энхрий бяцхан үрсийн өсөлт хөгжлийг үнэлнэ.
Ургийн эрт үеийн илрүүлэг шинжилгээ нь дараах ач холбогдолтой.
- Эхийн өвчлөлийн эрсдэлийг тодорхойлно.
- Зулбалт, ургийн өсөлтийн саатал үүсэхийг тодорхойлно.
- Ургийн хөгжлийн гажгийг тодорхойлно. /Дауны хам шинж, Эдвардсын хам шинж, Патаугийн хам шинж/
- Амьдралд үл нийцэх хөгжлийн гажгийг тодорхойлно.
- Ураг ихсийн тогтолцооны дутмагшлийг тодорхойлно.
Гурвал тест гэж юу вэ?
Америкийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн зөвлөлийн (American college of Obstetrician and Gynaecologists) боловсруулсан стандартаар бүх жирэмсэн эмэгтэйд тээлтийн 16-18 долоо хоногтойд нь гурвал тестийг үздэг.
Жирэмсэн эхийн цусанд AFP, hCG, UE3 тодорхойлох шинжилгээ:
- AFP-урагт нийлэгшдэг уураг
- hCG-ихсэд боловсордог даавар
- UE3- ураг болон ихсээс боловсордог даавар
Бүх жирэмсэн эмэгтэйчүүд уг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг ч
- Гэр бүлд нь төрөлтийн эмгэг байсан өгүүлэмжтэй
- 35 болон түүнээс дээш настай
- Жирэмсний явцад эм тариа хэрэглэсэн
- Чихрийн шижинтэй буюу инсулин хэрэглэж байсан
- Жирэмсний явцад вирусын халдвар авч байсан
- Туяаны үйлчлэлд өртөж байсан бол жирэмсэн эх энэ шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай.
Гурвал тестээр AFP, hCG, UE3-н хэвийн бус үзүүлэлтийг илрүүлснээр эхийн нас, биеийн жин, яс үндэс, тээлтийн нас гэх мэт мэдээллүүдтэй хамтатган болзошгүй удамшлын эмгэгийг оношлодог.
AFP өндөр тодорхойлогдох нь урагт мэдрэлийн сувгийн гаж хөгжил буюу нугасны болон тархины ивэрхий, тархигүй төрөх (anencephalia) эмгэг сэжигтэйг заадаг. Мэдрэлийн сувгийн гаж хөгжил тохиолдлоороо зүрхний төрөлхийн гажгийн дараа 2-р байранд ордог бөгөөд АНУ-д 1000 төрөлтөнд 1.2 тохиолддог. Нугасны ивэрхий төрөлхийн гажгууд дотроос амьд ахуйдаа хамгийн их зардал гаргадгаараа 3-т ордог.5
Анэнцефалийн 90%, нугасны ивэрхийн 80%-д AFP байвал зохих хэмжээнээс 2.5 дахин илүү тодорхойлогддог ба омфалоцеле, гастрошизис, цистик гигрома, төрөлхийн нефроз, ХГЗ-н битүүрэл, амьгүй ураг, ургийн цус алдалт, ургийн тератома, эхсийн гажиг (уйланхайт өөрчлөлт, хавдар гм), том эхэстэй бол мөн ихэсч болно.7 Онцлох гаж өөрчлөлтгүйгээр AFP дангаар ихсэх нь эрсдэлтэй жирэмсэнг заана (дутуу төрөх, жин багатай хүүхэд төрөх, амьгүй ураг г.м.). AFP бага, hCG, UE3-н хэмжээ өөрчлөгдөх нь 21 ба 18 хромосомын гурвал (Down syndrome, Edwards syndrome) болон хромосомын бусад гажигтай хүүхэд төрж болзошгүйг харуулна. Трисоми 18 (Эдвардсын хам шинж) - 6000 төрөлтөнд 1 тохиолддог, төрөх үеийн жин бага, тархи, зүрх, бөөрний гаж хөгжил, оюуны хомсдолоор илэрнэ. Трисоми 21 (Дауны хам шинж) - зүрх, ходоод гэдэс, хараа-сонсголын эрхтэний гаж хөгжил, оюуны хомсдол, Алцхеймерийн өвчний эрт илрэлээр тодорхойлогддог бөгөөд эхийн нас 35-40 бол 270 төрөлтөнд 1, харин 40-с дээш насанд 100 төрөлтөнд 1 тохиолддог байна. Тээлтийн 18-25 дах долоо хоногт эхийн ийлдсэнд hCG 2.5 дахин илүү тодорхойлогдох нь Down хам шинжийн үед 73% (false positive rate- 4%) тохиолддог. Харин UE3 түвшин (ургийн бөөрний дээд булчирхай, элэг болон ихсийн үйл ажиллагааг заадаг) буурах нь 21 ба 18 хромосомын трисомийн үед 45%-д илэрчээ. Эдгээр 3 үзүүлэлт дээр эхийн 35-с дээш насыг тооцож үзвэл Down хам шинжийн 60%-г оношлох бололцоотой ба false positive rate- 6.6%. Хэт авиан шинжилгээгээр тээлтийн насыг баталгаажуулснаар false positive rate 3.8% болж буудаг.8
Гурвал шинжилгээний анхдагч зорилго нь удамшлын эмгэгийн оношлогоо ч ихэр жирэмслэлт, өсөлтгүй жирэмсэнг тодорхойлж болно. Уг тест нь оношлогооны бус, скрининг (илрүүлэх) тест бөгөөд false positive гарах эрсдэлтэйг санах хэрэгтэй. Иймээс хэвийн бус үзүүлэлт гарсан бол нэмэлт шинжилгээгээр оношийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хамгийн консерватив зам нь гурвал тестийг давтах, хэт авиан шинжилгээ бөгөөд үүгээр хэвийн бус хариу гарвал амниоцентез хийлгэхийг зөвлөдөг. Нарийвчилсан шинжилгээ нь оношийг баталгаажуулж, цаашид юу хүлээж байгаа тухай мэдээллийг өгнө. Тухайлбал:
- Хугацааг гүйцтэл хүүхдээ тээх талаар шийд гаргах
- Нугасны ивэрхийн хагалгаа гэх мэт ирээдүйд болзошгүй мэс ажилбар
- Тусгай асаргаа шаардлагатай хүүхэд төрөхөд бэлтгэх
- Амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд бэлтгэх гэх мэт.
Эх сурвалж: http://mongolmed.mn/article/43